Tuesday, October 28, 2008

Олон орны монголчууд нийлж нэгдэгтүн

Сэдэв : Жинхэнэ эзэнд нь нутгийг нь буцааж өгөхийг Панмонголизм гэнэ
Эх сурвалж : Ном хэвлэлээс

-Хүмүүсийн итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг-
Эдүгээ энэ етөнцөд 10 сая монголчууд энэ тэнд тархай бутархай амьдарч байна. Гал голомтоо сахин суугаа үндсэн монголчууд “оросын”, “хятадын” гэгдэх нийт монголчуудыг юуны өмнө хэл, соёл, ёс заншил, шашин нэгтгэж байгаагаас гадна хэн ч маргашгүй үнэн баримт бол таван зууны турш нэгдсэн монгол улсын бүрэлдэхүүнд багтаж байсан түүх билээ. Тэрчлэн Монголынхоо уугуул нутаг дэвсгэр дээр сэргэн мандсан нэгдмэл улсын бүрэлдэхүүнд бүгдээрээ нэгтгэн нягтруулж байдаг юм.

Ийнхүү монгол үндэстэн гэсэн сэтгэл зүрх нь “панмонголизм” гэсэн ойлголтыг буй болгосон бөгөөд түүнийг эсэргүүцэгчид үзэн ядах болсон билээ. Панмонголизм нь тасдан хуваагдсан ард түмнүүдийн зүрх сэтгэлийн дуудлага, үндэсний эх оронч ариун сайхан үзэл юм гэдгийг өгүүллийнхээ өмнөх хэсэгт дурьдсан билээ. Гэсэн хэдий ч монголчууд хэдэн зууны туршид таслагдан хуваагдаж тархай бутархай амьдарч ирлээ. Үүнээс улбаалан хэд хэдэн асуулт зүй ёсоор урган гарч байгаа юм. Тэдгээрээс хамгийн голыг нь тодорхойлбол:

Нэгдүгээрт: Ямар учир шалтгаанаар их гүрнүүд монголчуудыг өөрсөддөө өмчлөн авч өссөн төрсөн нутаг усыг нь тасдан хуваасан бэ? Чухам яагаад монголчуудыг нэгдэхийг зөвшөөрөхгүй байна?

Хоёрдугаарт: Монголчуудыг тасдан хуваахаа хэдийд болих юм болоо?

Эдгээр асуудлуудад товчхон хариулахаар оролдьё. Махир сэлэмтэй морьт цэргийнхээ хүчээр дэлхийн хуурай газрын бараг тэн хагасыг байлдан дагуулсан цэрэг улс төрийн сод ухаантан, хүн төрөлхтний бүх түүхэнд тодорсон хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болох Чингис хааны үр удам болсон монголчуудыг үндэстний нь хувьд задлан, оюун санааны чадавхийг нь сульдуулан мохоож, агуу их хүчирхэг гүрэн байсан Монгол Улсын цэрэг эдийн засгийн хүч чадлыг дээд зэргээр сулруулахад Оросын эзэнт улс, Манж /сүүлдээ Хятад/ зэрэг хүчирхэг гүрнүүдийн стратегийн зорилго оршиж байлаа. Энэхүү зорилгоо хэрэгжүүлсэн арга зам нь гэвэл:
“Нар жаргах зүгээс эхлээд нар мандах зүг хүртэл газар сайгүй бидний дайсан оршдог”
Нэгдүгээрт: Монголын газар нутгийг хэсэглэн хуваах
Хоёрдугаарт: Боолчлох, уусгах, нутгаас нь хөөн зайлуулах зэрэг дарангуйллын бусад хэлбэрүүд байлаа. Чухамдаа монголчуудын эсрэг явуулсан тэдний үйл ажиллагааны тактик үүнд оршиж байсан нь ямар ч эргэлзээгүй. Монгол орныг хувааж авах, монголчуудын үзэл санааг үгүй хийхэд чиглэсэн үйл ажиллагаа тодруулбал өс хонзон авах аргаа зөвтгөхийн тулд Чингис хаан, түүний залгамжлагчдын “харгис”, “нүгэлт” аян дайных нь хариу болгож байгаа мэтээр тайлбарлахыг тэд оролддог. Тийм тайлбар ямар ч шүүмжлэл даахгүй бөгөөд оросууд ч, хятадууд ч, манжууд ч өөрснөө “талын зэрлэгүүд”-ээс хамаагүй илүү зэрлэг догшин байсныг түүх гэрчилж байгаа юм.

Чингис хаан нэг талаас түүхэн агуу их хүн байсан төдийгүй нөгөө талаас олонтаа дайн тулаанд орсон, дайсанд хатуу ширүүн ханддаг байсан нь бас үнэн. Ялангуяа эсрэг талынхан нь хуурах, элчин сайдыг нь алсан нөхцөлд ихээхэн уурсаж хилэгнэдэг, өршөөж уучилдаггүй, хатуу ширүүнээр хариу авдаг байжээ. Тэгвэл Александр Македонский, Юлий Цезарь, Наполеон, Суворов зэрэг европын цэргийн жанжнууд “сайхан ааш зантай” нигүүлсэнгүй байлдан дагуулагчид байсан гэж үү? Даан ч үгүй. Тэгээгүй байхад л тэдгээрийг түүхийн ном, зохиолуудад магтан сайшааж, хүндлэн шүтсээр л байгаа шүү дээ.

Тэгвэл хэнийг нь юуны учир зэмлэн буруушааж хараан зүхэх ёстой вэ гэж зүй ёсоор асуух ёстой. Ганцхан Чингис хааныг л харгис хэрцгий болгоод нутаг усыг нь булаан авч, хүн зоныг нь боолчлох ёстой гэж үү? Монголчуудын баатарлаг эр зоригийг мохоох гэсэн их гүрнүүдийн тактик нь гаднаас Монголд оруулж ирсэн буддын шашны ачаар зохих үр дүнд хүрч чадсан юм. Ингэснээр урьд өмнө нь эрэлхэг зоригоороо гайхагдаж явсан монголчууд номхон дорой, хэт их сүсэг бишрэлтэй хүмүүс болж хувираад зогссонгүй “дэлхий ертөнцийн нэгдсэн нэг их улс байгуулах”,” Дорно, Өрнийг эзлэн суух” тухай Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын үзэл санаанаас ч татгалзсан билээ.

Эдүгээ монголчуудын хувьд гэвэл Чингис хааны үеэс үүсэлтэй “нар жаргах зүгээс эхлээд нар мандах зүг хүртэл газар сайгүй бидний дайсан оршдог” гэсэн бодол санааг огт хэрэгсэхээн больсон бөлгөө. Тэгвэл гэм хоргүй, цөөхөн тоотой монголчууд нэгдэхэд нь юуны учир саад бэрхшээл учруулсаар байдаг билээ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирэх ёстой. Геополитик, эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс их гүрнүүдэд “тэдний” монголчуудын газар нутагт хэрэгтэй учраас л монголчуудыг нийлүүлж нэгтгэх ямар ч сонирхолгүй байдагт хамаг учир нь оршиж байгаа юм.

Энэ бодлогоо нуун далдлахын тулд тэд нутаг дэвсгэрийн хуваагдашгүй бүрэн бүтэн байх зарчим, урьд өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг мөрдөх тухай ярьдаг. Эдгээр асуудлуудад өгөх хариуг эрж хол явах хэрэггүй. Яагаад гэвэл “оросын”, мөн “хятадын” монголчуудын эдүгээ амьдарч буй нутаг нь Орос, Хятад улс анх бүрэлдэж буй болохоос хамаагүй өмнө мөн л монголчуудын уугуул нутаг байсан гэдгийг бүгд мэдэж байгаа зүйл юм.

Эндээс үзвэл панмонголизмын үзэл санаа нь бусдын нутгийг булааж авах түрэмгий бодлоготой ямар ч холбоогүй бөгөөд харин их гүрнүүдэд зэр зэвсгийн хүчээр, цус нулимасан далай үүсгэж байж булааж авсан нутгийг жинхэнэ эзэнд нь буцааж өгөх тухай л ярьж байгаа хэрэг. Гэрээ хэлэлцээрүүдийн тухайд гэвэл хаант Орос, Манж, Хятадын эрх баригчид монголчуудын ар хударгаар тэдгээрийг байгуулсны гадна эдүгээ гэрээ байгуулсан дээрх субъектүүд түүхийн тавцангаас аль хэдийнэ хальж одсон билээ.
Монгол үндэстэн нэгдэх эсэх нь орших эс оршихыг шийднэ.
Иймээс ч олон улсын хамгааллын дор төвийг сахисан, тусгаар тогтносон, Холбооны Монгол улс байгуулах асуудлыг дэвшүүлэн тавьж ийм замаар нийт монголчуудын асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь бидний бодлоор АНУ, Япон, Англи, Франци, Энэтхэг мэт нөлөө бүхий том гүрнүүдийн хүсэл бодлоос нэг их гажихгүй болов уу. Эдгээр орны аль нь гэсэн монголчуудыг нэгтгэхийн эсрэг ямар нэг шалтаг гаргаж эсэргүүцэх учиргүй мэт бодогдоно. Орос, Хятадын хувьд иймэрхүү харьцангуй том, бамбай улс байгуулбал, урьд нь “хэрүүлийн алим” болсоор ирсэн Монгол улс, түүний нутаг дэвсгэрийн талаар хоёр талаасаа сөргөлдөж байсан шалтгаан шинэ нөхцөл байдалд мөн алга болох үндэстэй.

Ингэснээрээ Монголын асуудлыг тойрсон их, нөлөө бүхий гүрнүүдийн улс төрийн тоглоомын шинж чанар ч мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Дээр өгүүлснээс үзвэл, монголчуудыг эхлээд сэтгэл санаа ба эдийн засгийн үндсэн дээр, дараа нь нутаг дэвсгэрийн хувьд нэгтгэхэд бодит саад бэрхшээл байхгүй бөгөөд гагцхүү зохиомлоор, зориуд бий болгосон хориг тээг л байгаа юм. Нэгдэх асуудал бол монгол үндэстэн цаашид орших, эсхүл сөнөхийн тухай асуудал юм. Монгол үндэстний сэргэн мандалтыг нэгдэх, нягтрахгүйгээр хэзээ ч төсөөлшгүй юм. Гэтэл монголчууд нэгдэх энэхүү асуудалд их гүрнийхэн хандахдаа тэдний нэр алдрыг л гутаах хэрэг мэтээр үздэг ажээ.

Монголчуудыг нэгтгэх хугацааг урьдчилан хэлэхэд одоо төвөгтэй. Учир нь уул асуудал даан ч нарийн ээдрээтэй, мөн ч олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм. Ерөнхийд нь авч үзвэл, энэ хугацаа нь нэгдүгээрт-гадаад буюу олон улсын, хоёрдугаарт-дотоодын буюу монголчууд хоорондын харьцааны гэсэн хоёр гол хүчин зүйлээс хамааралтай юм.

Гадаад хүчин зүйлст:
- Олон улсын улс төрийн шинэ дэг журам тогтоох;
- Дэлхийн бүс нутгууд болон Монголтой хөрш зэргэлдээ улсуудад дезинтеграцийн процесс болон дарлагдаж гомдсон ард түмнүүдээс тусгаар тогтнолынхоо төлөө хийх тэмцэл хүчтэй болох;
- Жижиг улс, үндэстнүүдийн ашиг сонирхлыг харгалзан үзэх чиглэлэээр их гүрнүүд болон өндөр хөгжилтэй улсуудын гадаад бодлогын чиг шугамд өөрчлөлт гарах;
- Их гүрнүүдийн үндэсний бодлого хүмүүнлэг шинжийг олж тэдгээрийн бүрэлдэхүүнд байгаа үндэсний цөөнхүүдийн олон зуун жилийн хүсэл мөрөөдөл, язгуур эрх ашгийг нь хүндэтгэн үзэж, анхааралдаа авсан ухаалаг бодлого хэрэгжүүлдэг болохоос гадна тэдгээрийн олж авсан төрийн бүтэц, эрх мэдлийн статусыг дээшлүүлэх;
- Паназиатизм ба Евроазийн үзэл санааг хэрэгжүүлэх хөдөлгөөн өргөжих;
- Хүний эрх, түүний дотор үндэсний цөөнхүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр НҮБ болон олон улсын бусад байгууллагаас үзүүлэх тусламж зэргийг хамааруулсан болно.

Дотоод хүчин зүйлст:
- Бүх монголчууд үндэс угсааныхаа нийтлэг ашиг сонирхлуудыг жигд ухамсарлан ойлгож тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэж, эгнээгээ нягтруулахын хамт энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлж зохицуулдаг болох;
- Монгол Улсын зүгээс гадна оршин амьдарч буй монголчуудынхаа асуудлаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд явуулах гадаад бодлого, дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлэх;
- Хөрш орнуудтайгаа олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний монгол гаралтай цөөнхөд холбогдох хүмүүнлэгийн асуудлаар гэрээ байгуулах чиглэлээр өргөн далайцтай тогтмол санал, санаачилга гаргаж ажиллах;
- Панмонголизмын асуудлыг дэмждэг улсуудтай стратегийн түншлэл тогтоож тэдний дэмжлэг тусламжийг авах;
- Монголын ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд, яаруу сандруу, бодлого муутай хийсэн шинэчлэлийн улмаас сүйрч нурсан эдийн засгаа сэргээн босгож түүний цаашдын тогтвортой хөгжлийг хангах;
- Панмонголизмын хөдөлгөөний шинжлэх ухааны үндэслэлтэй онол, үзэл баримтлалыг бүх монголчуудын хамтын хүчээр боловсруулах асуудлуудыг багтаасан болой.

Эндээс үзвэл панмонголизмын асуудлыг ганцхан Монгол улсын хүчээр шийдвэрлэж чадахгүй гэдэг нь тодорхой байна. Үүнтэй холбогдуулж буриадын нэрт эрдэмтэн, монгол судлаач, түүхийн ухааны доктор Ш.Б.Чимитдоржиевийн панмонголизмын мөн чанар, агуугын талаар хэлсэн үгийг толилуулахыг хүсэж байна. Тэрбээр үзэхдээ: “Панмонголизм” гэдэг ойлголт нь бүх монгол ертөнц, монголын бүх ард түмнүүдийн сонирхлыг өөртөө багтааж байгаа юм. Энэ хөдөлгөөн тэдгээрийн нэгдмэл байдлыг сэргээх, нийт монгол угсаатнуудын түүх, соёл, хэл ярианы холбоог хадгалан бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилттой байлаа” гэсэн байна.
Иймд панмонголизмын үзэл баримтлалыг боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэхдээ дээр дурьдсан хүчин зүйлүүдээс гадна бидний ах дүү нар амьдарч байгаа Буриад, Халимаг, Тувагийн эрдэмтдийн санал бодлыг иж бүрнээр нь харгалзан үзэх нь зүйтэй. Панмонголизмын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа туйлын болгоомжтой, дэс дараатай, зугуухан хандах нь чухал буйзаа.

Панмонголизмын үзэл санааг хэрэгжүүлэх эхний үе шатанд:
Янз бүрийн орнуудад амьдарч байгаа монголчуудыг визгүйгээр бие биедээ чөлөөтэй зорчдог нөхцлийг бүрдүүлэх, соёл, шинжлэх ухаан, хувийн болон хүмүүнлэгийн харьцаа холбоог цаашид өргөжүүлэх чиглэлээр Дэлхийн монголчуудын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөн хамтарсан дээд сургууль, эрдэм шинжилгээний газрууд байгуулахад чиглүүлэх нь зүйтэй.

Эдийн засгийн салбарт гэвэл, хамтарсан үйлдвэр үйлчилгээний газруудыг олноор байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсүүд бий болгох, хилийн худалдааг эрс өргөжүүлэх нь чухал болно. Үүний зэрэгцээ Монгол Улсын нийслэл болон ОХУ-ын бүгд найрамдах дөрвөн улс, Өвөрмонголд Байнгын төлөөлөгчдийн газрууд байгуулах нь зүйтэй болов уу. Мөн Монгол улс Оросын үндэстний бүгд найрамдах улс, Өвөрмонголын өөртөө засах орны тэргүүнүүдээс бүрдсэн Бүх Монголын зохицуулан зөвлөлдөх хороог Улаанбаатар хотноо байгуулж ч болох талтай.

Цаашдын үе шатуудад:
Монголчуудыг нэг нутгаас нөгөө газарт сайн дураар нь нүүлгэн шилжүүлэх, нутаг дэвсгэрийн солио хийх зэргээр тэдгээрийг нэгтгэн нягтруулах асуудалд шилжин орох ёстой. Энэ талаар Казахстаны туршлага сургамжтай байх болно. “Монголын” казахууд өвөг дээдсийнхээ өлгий нутаг болсон Казахстан руу саявтар үй олноороо нүүдэллэн явж эхлэхэд Монгол улс дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэлээр тэдэнд хандаж бусад орнуудад сайхан үлгэр жишээ үзүүлсэн удаатай.

Харин хилийн чанадаас монголчууд Монгол улсад нүүж ирвэл тэд нарт газар нутаг, байгалийн баялаг хангалттай байх болно гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Өөр улсын харъяанд амьдарч буй Монголчуудыг тэр орчинд нь нүүлгэж нэг дор төвлөрүүлэн суурьшуулж бас болох бөгөөд тэр нь тэдний соёл, хэл, бичиг үсэг, өвөг дээдсийнхээ ёс заншлыг сэргээн мандуулахад нөлөөлөх болно. Бүх монголчуудыг нэгтгэхийн тулд эгзэг ээдрээтэй цөвүүн цаг нүүрлэх ахул бусдад булаалган алдсан зарим нутаг усаа тэдэнд өгөх тухай ч ярьж болох талтай.
Эцсийн үе шат нь бидний ойлгон төсөөлж байгаагаар хамгийн бэрхшээлтэй, хамгийн удаан үргэлжлэх үе шат болох бөгөөд учир нь уул үе шатанд монголчуудыг нутаг дэвсгэр төрийн хувьд нэгтгэж улмаар ямар нэгэн зохистой хэлбэрээр нэгдсэн Монгол улс байгуулах талаар асуудал дэвшүүлэхэд орших болно. Ийм нэгэн улс гүрэн байгуулах асуудал нь эдүгээ оршин тогтнож буй Монгол угсааны улсууд болон өөр бусад автономит байгууллыг шууд нийлүүлэн хумьж нэгдсэн нэг улс гүрэн байгуулах тухай санаа огтхон ч бишээ.

Бид хамтарсан улсуудын зохион байгуулалтын нэг хэлбэрээс нөгөөд алгуурхан, үе шаттайгаар шилжих боломжийн тухай л ярьж байгаа юм. Тухайлбал, холбоо, конфедераци, эсвэл /сообщество/, хамтын нийгэмлэг болон бусад хэлбэрийг хэрэглэж болох талтай. Ингэхдээ эхлээд “нэг үндэстэн нэг хэсэг улс гүрэн” гэсэн томъёоллыг хэрэглэж болох юм. Хамтарсан улсуудын зохион байгуулалтын янз бүрийн хэлбэрүүдийг үүсгэн хөгжүүлэх замаар хамгийн эцсийн үе шатанд монголын уугуул нутаг дэвсгэр дээр нэгдсэн шинэ Монгол улс байгуулах тухай асуудлыг шийдвэрлэж болох юм.

Энэ бүх саналууд бол энэхүү өгүүлэл бичигч бидний эргэцүүлэл юм. Харин, цаашдаа дэлхийн туршлагад тулгуурлан сонирхож буй улсуудын эрдэмтэд, улс төрчдийн хамтарсан хүчээр нэгдсэн шинэ Монгол улс байгуулах үзэл баримтал, түүнийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан боловсруулах ёстой. Хамтарсан улсуудын зохион байгуулалтын аль нэг зохимжтой хэлбэрээр монголчуудыг нэгтгэх хугацааг зөв тааварлахын тулд уул асуудлыг сонирхдог их болон нөлөө бүхий гүрнүүдийн эдийн засаг улс төр, цэрэг стратегийн нэгэнт буй болсон ба ирээдүйд үүсэх сонирхлуудын нарийн сүлжилдээг тодорхой судалж тэдгээрт Монгол улсын эзлэх байр суурийг товлон тогтоох шаардлагатай.

Панмонголизмын үзэл санаа нь нийт монголчууд нэгдсэн гэр бүлээ байгуулах хэн ч халдашгүй дархан эрхийг хангахад чиглэсэн удаан хугацааны стратегийн зорилт билээ. Энэ нь ирж буй XXI зуунд бүх монголчуудын үндэсний хөдөлгөөний үндсэн чиглэл, эцсийн зорилго болох ёстой. Монголчууд саланги тасархай амьдарч байгаа явдал төгсгөлгүй зүйл бишээ. Энэ нь төгсгөлтэй. Түүнд итгэгтүн!

Эдүгээ дэлхийн монголчуудын оюун санаа чөлөөтэй болж, үндэсний соёл сэргэн, үндэс угсааныхаа өнгөрсөн түүхийг сонирхдог болж байна. Хүмүүсийн ухамсарт үндэсний ой дурсамж, үндэсний ухамсар, үндэсний үзэл, нэр төрөө эрхэмлэх явдал сэргэж байна. Үеэ өнгөрөөж хоцрогдсон хуучны ойлголтууд байр сууриа алдсаар байна. Хэвлэлээс үзэхэд, зарим “оросын” болон “хятадын” эх оронч монголчууд маань Монгол улсын хилийн гадна оршин буй гарал үүсэл нэгтэй ах дүү нараасаа салан хөндийрч панмонголизмын үзэл санаанд тоомсоргүй, үгүйсгэх байдлаар ханддаг хэмээн биднийг үндсэн монголчуудыг шүүмжилж байна.

Монгол улс панмонголизмын хөдөлгөөний төв нь байх тавилантай учраас энэхүү өндөр хариуцлагаа ухамсарлан монголчуудыг нэгтгэх эгзэгтэй хурц асуудлуудаас тойрч зайлсхийхгүй, энэ талаар найдлага алдахгүй байж улс төр, дипломат, шинжлэх ухааны бүх байгууллага илүү идэвхтэй, улс төрийн санаачлагатай ажиллуулах ёстой гэдгийг дээрх шүүмжлэлтэй холбож тэмдэглэе. Монголчууд саланги тасархай амьдарч байгаа явдал төгсгөлгүй зүйл бишээ. Энэ нь төгсгөлтэй. Түүнд итгэгтүн, Панмонголизмын хөдөлгөөнд саланги, санаачилгагүй байдал, үгүйсгэх хандлага, магадгүй урвах явдал гарвал эцэстээ хамгийн өрөвдөлтэй, сөрөг үр дагавар үзүүлэх болно.
Олон орны монголчууд нийлж нэгдэгтүн

Панмонголизмын үзэл санааг үгүйсгэх хандлагын хувьд, Уртнасангийн Энхбатын бичсэн “Орчин үед панмонголизм хэрэгтэй юу?” гэсэн өгүүлэл, мөн зохиогч нь нэрээ нууж хэвлүүлсэн “Орчин үеийн панмонголизм” хэмээх өгүүлэл анхаарал татаж байна. Эдгээр өгүүллүүдийг бичсэн зохиогч, эсхүл хилийн чанад дахь зохиогчид нь, орчин үед панмонголизмын үзэл санаа огт шаардлагагүй болсон бөгөөд хэзээ ч хэрэгжихгүй мөрөөдөл юм гэж дүгнээд түүнийгээ нэг талаас дэлхийн II дайны үр дүнд тогтоосон улс төрийн газрын зургийн статус квог хүндэтгэх, нөгөө талаас Монгол улсын хилийн гадна амьдарч буй монгол угсаатнууд хэл, соёлын хувьд бусад үндэстэнд нэгэнт уусч эхэлсэн учраас хэмээн тайлбарлажээ.

Үүнээс хэд хэдэн асуулт гарч байгаа юм. Үүнд нэгдүгээрт, Иймэрхүү өгүүллийг монгол хүмүүс бичсэн гэж үү?
Хоёрдугаарт, Дэлхийн II дайны үр дүнд хуваагдсан хоёр Герман улс эдүгээ нэгдээд байгааг юу гэж ойлгох ёстой вэ?
Гуравдугаарт, Монгол улсын монголчууд бид хилийн чанад дахь угсаа нэгтнээ, та нар бусдад уусч эхэлсэн гэж дүгнээд, тэдний нэгдэх гэсэн амин чухал хүсэл эрмэлзлийг нь харгалзаж үзэхгүй, өөрсдөөсөө түлхэн зайлуулж, хувиа хичээж хар амиа бодох эрхтэй гэж үү?

Зөвхөн өнөөдрөө гэсэн байр сууринаас сэтгэж хэрхэвч болохгүй. Нэгдсэн зориг эрмэлзлэл, нэгдэл нягтрал байсан цагт гайхамшигт амжилтад хүрч чадна, хүрэх ч болно. Үүний нэг жишээ нь, мянган жил саланги амьдарч хэдэн зууны турш мөшгөгдөн хяхагдаж явсан еврейчүүд өөрийнхөө улс гүрнийг сэргээн байгуулсан явдал билээ. Иймээс бүх дэлхийн монголчуудад нэгдэл нягтрал, сайн сайхан ирээдүйд итгэх найдлага, өөдрөг сэтгэл хэзээ хэзээнээсээ илүү чухал болж байна. Хүмүүсийн итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг гэж ярилцдаг. Монголчуудыг нэгтгэх үзэл бодлоо дэлхийн олон нийтэд ойлгуулж тэдний дэмжлэгийг авч чадвал эцсийн дүнд “төмөр нударга” биш, харин амьдралын төмөр мэт хатуу үнэн ялах нь дамжиггүй.
Ах дүү Монгол угсаатандаа хандаж “Олон орны монголчууд нийлж нэгдэгтүн!” гэсэн уриаг дэвшүүлэн энэхүү өгүүллийг төгсгөв.

ehi irelt
http://www.medeelel.mn/medleg/index.php?page=medleg&com=vknow1&qid=1165&pn=1&pag=2

Saturday, October 4, 2008

kiril usegiin daravch


ehi irelt:http://badaa.mngl.net/pros.php?p=pro