Friday, January 5, 2007

Хөх торгон тэрлэг

by Saichunga
Шилийн ногоон дэнжин дээр
Шинэхэн цагаан гэр дэх
Сэргэлэн зантай хүүхний
Сэтгэлийг нь ер мэдсэнгүй
Хөх торгон тэрлэгээ
Хүдэр сайхан оёж байна
Хөөрхөн төрсөн хүүхэн гуай
Хэндч оёж ахууг бүү мэд
Улаан бонтгор хацартай
Удын навчин хөмсөгтэй
Улиархаг зантай хүүхний
Уран ч гэдэг нь яриангүй
Торго ч гэж торго уу даа
Тодхон хурц өнгөтэй дээ
Тормогор нүдэт хүүхний
Тоож авсан торго юм байна
Уран зөөлөн гарынх нь
Хөдөлж байх нь түргэн гэж ээ!
Улбар шар эмжээрийг
Даруулж байх нь сайхан гэж ээ!
Яаруу маягтай оёж атлаа
Яасан нямбай оёх нь вэ?
Ямар хүнд зориулсныг нь
Ярилцаж мадье гэж бодогдлоо
Таатай гоёхон тэрлэг байна
Та биедээ оёж байна уу?" гэж
Танхил залуухан хүүхнээс
Таамаглаж би асуулаа.
Үгүй! Энэ миний биш
Өөрөө би өмсөх юм бол
Ногоон өнгийн тэрлэгтээ
Улаан эмжээр даруулна шүү" гэлээ.
Ураглаж барилдсан нөхөртөө
Урлан оёж байгаа юм уу?" гэж
Ухаан сэргэлэн хүүхнээс
Ухчилж би асуулаа.
Арван найман настай би
Айлын газар мордоогүй " гээд
Аажуухан шигээр хариулаад
Алаг нүз нь инээмсэглэлээ.
Аа, тэгвэл та үүнийг
Ахдаа оёж байна шит ээ!" гэж
Ааш ичимтгий хүүхнээс
Ахиад бас асуулаа.
Ээж ааваас төрөхдөө би
Эгч дүү хоёул билээ
Энхрий хайрт дүү минь
Эдүгээ сургуульд сууж байна" гэлээ.
Ингэвэл хэийх болчихов" гэхэд
Илхэн хариулж өгсөнгүй
Ичиж доошоо хараад
Инээмсэглэж царай нь улайлаа.
Аагим залуу настай
Айлын танихгүй хүүхнээс
Арай ч томоогүй асуусандаа
Арга минь жаахан барагдлаа.
Халуун цайгаа сүлсээр
Харж байсан эмгэн гуай
Хавгүй шиг болсныг үзээд
Хажуунаас ярьж эхэллээ.
Энэ цагийн хүүхдүүд
Эрх чөлөөтэй сайхан байна,
Дурласан зүйл бүхнээ
Дураараа үйлдэх хувьтай
Харанхуй тэр нийгэм дээр
Халыг үзсэн бид хоёр
Хайрт хүүхдийн явдлаа
Хамаарч ер хорьдоггүй шүү.
Азтай төрсөн хүүхэн минь
Ажилд их сайн шүү.
Айлын олон бүгдээрээ ч
Аятай хүүхэн гэж магтдаг шүү" гэлээ
Хөх торгон алчуураа
Хүзүүн дээрээ буулгасан
Хүрэн улаан царайтай
Хүүхэн нь дуугүй л инээж байна.
Чанадах оёдлоо тавь даа
Цайгаа халуунд нь уу даа" гэж
Цаглашгүй хайртай ээж нь
Цаашаа хүүхэндээ хэллээ.
Аймгийн наадмаас урьдаж би
Амжиж оёё гэсэн юм ээжээ!" гээд
Ам алдаж гаргасандаа
Арга барсан шиг болчихлоо.
Хөөрхөн төрсөн хүүхнийхээ
Хөө хархан гэзгийг нь
Хөөрдөн таалан илбэсээр
Хөгшин ингэж хэллээ:
Өнөрийн хөвгүүн Жаргалсайхан
Үнэнч шударга хүү юм
Хөдөлмөрийн жишээч боллоо гээд
Хүн бүхэн хайрладаг юм.
Жаргалтай цагийн хүүхэд байна
Заяатай төрсөн багачууд байна
Зан зангаа мэдэлцвэл
За, яах вэ дураараа болог " гэлээ
Эрий хуруйгүй яриад л
Ээж дандаа солиорох юм
Хүний хүү сайн ч болог
Над юуны хамаа юм " гэж
Утас зүүгээ датлаад
Уурласан маяг гаргасан ч
Уухай ! Үнэхээр тийм " гэсэн шиг
Улайсан царай нь баяртай л байна.
Шилийн ногоон дэнжин дээр
Шинэхэн цагаан гэр дэх
Сэргэлэн зантай хүүхний
Сэтгэлийг нь ер мэдсэнгүй
Хөх торгон тэрлэгээ
Хүдэр сайхан оёж байна,
Хөөрхөн төрсөн хүүхэн гуай
Хэнд ч оёж ахууг бүү мэд.
1954.6-р сар

1 comment:

Anonymous said...

saihan shuleg bna