Sunday, May 16, 2010

Чибулаг: Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлөө төрөөд, морин хуурын төлөө үхэх хүн


http://sonin.mn/2010/05/15/
Бид хоёрын ярилцлага их сонин эхэлсэн юм. Танай монгол, манай монгол, бид нар, та нар гээд л… түг таг, нэг л биш. Чөлөөтэй хөврөх янзгүй, нэг л сонин. Харин нэг зүйлд сүрхий санаа нэгдэв, бид нэг ертөнцийн монголчууд. Алдарч хуурч Чибулаг “Бид нэг ертөнцийн монголчууд, хэн нь сайн явна, би баярлана аа“ гэж байна.
Хятад ард улсын тэргүүн дэсийн хөгжимчин, морин хуурч Чибулаг “Би бол тэрбум хүн дундаас тодорсон ардын жүжигчин шүү“ гэж аархсан, өөрийнх нь хэлснээр тэр үе үе сагсуурч байлаа. Түүнтэй цөөн хоромд сүрхий ихийг хуучилж амжжээ.

-Өвөр Монголоос морин хуурчдын олон улсын уралдаанд оролцохоор хэдүүлээ ирсэн билээ?
-Шүүгчээр ганцаараа ирсэн. Олон орны хуурчдын тоглолтыг үзлээ, шүүлээ. Энд хэлэхэд миний Морин хуурын ансамбль дэлхийд анх удаа, 1990 дүгээр онд байгуулагдсан. Миний чуулгыг очиж үзчихээд эдний ансамбль бий болсон.
-Дэлхийд хамгийн олон морин хуурч анх суулгасан нь бас та биз дээ?
-Манайх 1000.
-Хэдэн он билээ дээ?
-2000 дугаар он.
-Та голлож зохион байгуулсан уу?
-Тэгсэн.
-Эзэн Чингисийнхээ мэндэлсний 800 жилийн ойгоор манайх 800 хуурч тоглуулсан.Танайх манайхаас дараагаар, ноднин бил үү уржнан.
-Манай Морин хуурын чуулгын тухай та гайгүй сайн мэднэ биз?
-Морин хуурын чуулгыг бас би анх удаа 1986 онд Өвөр Монголд байгуулсан. Жанцанноров, Батчулуун нар очиж хараад, бидэнд бас ийм чуулга хэрэгтэй гэж байсан.Жанцанноров гуай ярьж байсан юм аа, “1989 онд Өвөр Монголд Морин хуурын нийгэмлэг байгуулах хуралд Жамъян багш, Батчулуун бид гурвыг урьдаг юм. Ингээд өөрийнхөө хөгжмийн анхны нийгэмлэгийг байгуулахаар гадаадын хуралд очлоо. Өвөрмонголчууд Жамъян гуайд сөгдөж мөргөөд л. Тэнд ерөөсөө Жамъян гуайн сургууль явж байсан. Морин хуурын чуулга байгуулах гол шалтаг энэ байсан“ гэж.
-Тийм тийм.
-Энэ наадамд Хятадаас хэдүүлээ ирсэн бэ?
-Тийм тийм, сайхан оролцож байна аа. Миний омбол шавь аравдугаар байрт орлоо, миний шавийн шавь. Үгүй ээ, тэр гурван залуу мөн сайн даа /толгой сэгсрээд/ Тэмүүжин, Жигжиддорж болоод Мөнхжин гурав үнээр сайн даа.
-Эхний гурван байрын эзэд үнэхээр тасархай байна уу?
-Бүр сайн, аргагүй сайн юм.
-Урилгаар ирж энэ уралдааныг шүүлээ. Монголын залуу морин хуурчдын чадвар хэр байна, та яаж үнэлэв?
-Одоогийн залуучуудын түвшин өндөр байна. Багш нарын хичээл заах арга барил нь нэгэнт системтэй болжээ. Академийн боловсрол өндөр байна. Яаж заадгийн бэ, маш чадвартай, энэ багш нар. Би тэднийг биширнэ. Би гэдэг хүн ертөнцийн монголчуудын нэг гэр. Ямар газрын Монгол нь, ямар газрын морин хуур ялалт олбол би бүгдэд баярлана. Ямар учраас гэвэл би энэ насандаа өөр ямар ажил ч хийсэнгүй ээ. Ганцхан морин хуурын төлөө л ажиллласан. Би 22 жилийн өмнө энэ нутагт анх удаа ирсэн. Жамъян багшийн шавь нар гээд долоо, найман хүн бий. Тэр үед би 40 гарч байлаа. Энэ нөхөд 20 хэдэн настай байсан болов уу. Одоо харахад тэд бас л настай болжээ. Тэр үеийн морин хуурын хийц, сурах бичиг их өөр, эртнийх байсан. Эд миний хуурыг үзээд ямар учраас энэ хүний хуур ийм дуу гаргаж байна аа гээд… Миний “Түмэн агтны төвөргөөн“-ийг сонссон. Би явсны хойно Хангал нэг зохиол бичсэн, Хангалын ард нь Шарав бичлээ, Жанцанноров бичлээ. Одоо энэ хуурууд улам сайн болжээ. Одоогийн эдний хэрэглэж байсан чинь бүр миний ном шүү. Тэр хүмүүс миний тэр номыг бас тоохгүй байжээ. Морин хуур чинь утсан хөгжим, номт хөгжим. Ном нь муу бол болохгүй ээ. Хуучин, үндэсний юм сайн гэнэ. Үндэсний юм сайн нь сайн, зарим юм нь музейд л байх хэрэгтэй. Жишээлэхэд, би Чингис хааны хуяг дуулгыг өмсөөд Америкт явж болно уу, хасаг тэрэгний ард чемоданаа өргөөд явж болно уу. Аливаа юманд заавал шинжлэх ухаан хэрэгтэй, шинжлэх ухааны жам ёсоор явбал заавал ялалт олно.

-Манайхан энэ замаар харин ч сайн явж байгаа биш үү?
-Монголын морин хуур яг шинжлэх ухааны замаар явж байна. Тэгээд энэ өдөр ийм ялалттай.
-Өвөр Монголд бас шинжлэх ухаанчаар хөгжиж байгаа юу?
-Хүн биеэ хэлэх хэрэггүй, хэзээдээ хэлдэггүй ээ. Морин хуур ганцхан Монгол Улс, Өвөр Монголынх биш ээ, дэлхийн монголчуудынх. Чингис хааны үлдээж өгсөн морин хуур. Морин хуур бол толгойтой хөгжим, толгойтой хөгжим чинь таван цултай, таван цултай юм чинь сүнстэй. Өвөг дээдсээс үлдээсэн энэ хуур бол бурхных. Миний ээжийн хэлдгээр морин хуур бол бурхны хуур, тэр хуучир бол чөтгөрийн юм аа. Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлөө төрөөд, морин хуурын төлөө үхэх Чибулаг гэдэг хүн. Олон улс орноор явсан, энэ шинэ цагийн хуурчдаас маш арвин зүйл сурч байна.
-Буцаад суралцаж байна гэж үү?
-Хүн гэдэг чинь ийм шүү, амьд л байвал суралцах хэрэгтэй. Би гянданд сууж байхдаа хятад хэл сурлаа.
-Гянданд аа?
-Соёлын хувьсгалын үеэр үндэсний ардчилсан үзэлтэн гэж хар гэрт хагас жил суусан.
-Морин хуураас болж ийм хэрэгт унасан уу?
-Миний биеийг Монгол Улсын, халхын тагнуул гэсэн. Хар гэрт суулаа, хар ажил хийлээ. Засварлаг үзэлтэн Жамъяны шавь. Хятадад морин хуур устаад ганцхан би л үлдсэн шүү тэр үед.
-Одоо таныг Хятадад жигтэй хүндэлнэ биз?
-Би бол 1.5 тэрбум хүний дундаас гарсан ардын жүжигчин шүү. Хоёр сая хүний дундаас тодорсон юм биш. Хятадад зөвхөн урлагийн ажил хийж байгаа нь Монголын нийт хүн амтай тэнцэнэ. Морин хуурыг ганцхан монгол хүн сурч байгаа биш ээ, хятад хүн сурч байна, казахууд сурч байна, англи, испани, франц, америк бүгд сурах гэж хичээж байна. Өвөр Монголын Их сургуулийн дэргэд миний нэрэмжит “Чибулаг“ олон улсын морин хуурчдын сургууль сая байгуулагдлаа.
-Та дарга нь уу?
-Би чинь Хятад ард улсын Улс төрийн зөвлөлийн гишүүн.
-Дэлхийн олон оронд морин хуур сурч байна. Тоглох арга барил, түвшин нь янз бүр л биз. Үзэгчийн суудлаас харж байхад монгол хуурчдын тоглолт тэс өөр, үнэхээр мэргэжлийн түвшинд гарчээ гэж бодогдож байлаа. Ёстой гараад өгч гэж бид ярьдаг. Дэлхий морин хуур сонирхож байгаа энэ цагт Монголд Улс гол цөм нь байж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн хүн танаас сонсмоор байна?
-Үндэс нь яах аргагүй монгол хүн. Үүний суурь нь Жамъян багш. Морин хуур бол Жамъян, Жамъян бол морин хуур. Жамъян багш үндсийг нь тарьж ургуулаад, цэцэг өнөөдөр дэлгэрч байна. Морин хуурчдын олон улсын уралдааныг Жамъяны нэрэмжит гэхээр бүр баяр төрөөд байгаа. Би багшийнхаа хамгийн үнэнч шавь нь. Үүрээд явна, би багшийгаа. Энэ сайхан хүн өнөөдөр байсан бол…
Амьд байх үеэс нь би мэднэ. Тэр намайг хамгаас тоодог. Хөххотод ирээд өвчнөө үзүүлнэ, манийд сууна.
-Таны шавь нарын тоглолтыг сая үзлээ. Их тийм эмоцитой, босоод гүйцгээх вий гэж бодогдсон. Гэхдээ их унаган төрхөөрөө байгаа юм уу гэж бас санагдлаа.
-“Түмэн агтны төвөргөөн“ гэж тэр зохиол бол миний 18 настайд зохиосон аяс. Дэлхийд нэгдүгээр шагнал авсан, Хятадад ч авсан.
-Энэ зохиолыг манай Морин хуурын чуулгынхан тоглосноор үзэгчдэд хүргэвэл гэж бодож байлаа.
-Техник ихтэй. Хурдан хөгжимддөгөөрөө бол Өвөр Монголынхон алдартай. Монголчууд тоглодог юм, гэхдээ нэг л адилгүй. Европын сонгодог хөгжим танай залуучуудад тохирно. Ийм түргэн хэмнэлтэйг манайхан илүү тоглоно шүү.

-Юугаараа ялгаатай байгаа юм бэ?

-Техник. Танайхан миний номыг сайн судалж, техникийг сайн сурч байна аа. Номыг нь би зохиосон, хөгжимдөх аргыг нь бас би зохиосон. Тэр номны техник энэ тэрийг бүрэн сурч байна. Би их баяртай байна. Морин хуур сурах амаргүй шүү. Миний хүү Чибүргэд гэж залуу Японд бий, эхнэр нь бас морин хуурч. Миний хүү ингэж ярьсан. Морин хуурыг 10 жил сурахад бага сургууль, 20 жил бол дунд сургууль, 30 жил бол өндөр зэргийн дунд сургууль, 40 жил бол сая их сургууль төгсөнтэй адил. Би 10 наснаасаа сурсан, одоо 50 хүрч байна гэж. Би бас хуурын төлөө төрсөн цагаасаа яваа. Миний омбол охин танай Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд одоо Японд бий.
-Өвөр Монголоос олон хүүхэд манайд ирж байна. Тэд их хичээнгүй, сайн сурч байна гэж багш нар нь үнэлдэг.
-Сурч байгаа, олон бий. Яагаад хичээнгүй вэ гэвэл Өвөр Монголын монголчууд хятад хүний соёл, заншлыг сурч байна. Хятадууд их няхуур, хянамгай. Хятад хүнд 100 иен байвал өнөөдөр нэг иен зарна. Япон бол таван иенийг зарна. Манай монгол хүн бол 100-гаа зарж бараад өөр хүнээс дахин 100-г зээлээд үрчихнэ. Нарийхан гол хол урсана гэж Хятадын зүйр үгэнд бий. Хүн амьдралдаа нарийн сайхан, хянамгай байх хэрэгтэй, тэгвэл урт насална. Манай монгол залуу яагаад тавь, жар хүрээд үхэж байна гэхээр архийг хэтэртэл ууна, махыг хэтэртэл иднэ. Би архи уудаггүй, махыг ганцхан иднэ.

-Ганцхан иднэ ээ, юуны мах вэ?

-Үхрийн мах л иднэ, хонины мах цөөхөн иднэ. Би тамхи огт татахгүй, хурим найранд хэзээдээ орохгүй.

-Нарийхан гол хол урсана гэдгийг ойлгосон хянамгай хүүхдүүд Монголд ирж сурч байгаа гэж үү?

-Тийм тийм. Ээж аавынхаа үйлээ барж олсон зоосыг зүгээр зарж болдоггүй, ээж аавынхаа хүслийг заавал биелүүлэх хэрэгтэй гэдгээ мэднэ. 100 хятадын дунд ганцхан өвөр монгол, тиймээс энэ ганцхан өвөр монгол 100 хүний эрдмийг сурах хэрэгтэй, ингэвэл сая тэдэнтэй мөр зэрэгцэнэ. Ар Монгол маань тусгаар тогтсон улс хамаагүй ээ. За чи болоогүй ээ, маргааш хүрээд ир гэнэ. Хятад газарт маргааш байхгүй, маргааш нь Хятад хэзээний тэнд явж байна. Өөр үндэстэнтэй хамт амьдарч байгаа хүмүүс бол үйлийн үр, санаснаар болохгүй, хэцүү, та нар ойлгохгүй.

-Хөлс биш цус урсгаж байж амжилтад хүрэх нь ээ дээ?

-Яг тийм. Төрөөгүй эхнэр төрсөн эхнэрийнхээ зовлонг мэдэхгүй ээ гэж. Эхнэр хүн хүүхэд төрүүлсний дараа жинхэнэ ээж, агуу хүн болно, мэдэв үү.
Монгол Улс дэлхийд эдийн засаг нь хөгжинө гэвэл миний нэг хүний хүсэл, миний нэг хүний санал ийм. Дэлхийн хаа байгаа монголчуудыг төрөл саднаа гэж тат, энд ир, газар нутаг өгье, та юм байгуул, бид хэдэн жил дотор танаас гааль авахгүй ээ гээд Хятадын Дэн Со Пэний төрийн бодлогыг хэрэгжүүлэх. Түүнээс халх Монголоос бусад нь монгол биш ээ гэх юм бол ядуурна, үгүйрнэ. Хятад хуучиндаа ядуу. Дэн Со Пэн хэлсэн “За ангийн тэмцэл хэрэггүй ээ, бүх ертөнцийн хятадууд бүр миний төрөл садан. Садан ир ээ, садан минь англи, франц, орос ямар үг хэлсэн ч хамаагүй, хятад л цустан бол ир“ гэсэн. Тэгээд энэ 20 жилд босоод ирсэн. Монгол хэрвээ Хятадаас, Дэн Со Пэнээс сураад ийм үзэл шиг бодлого явуулбал бүх ертөнцийн монголчуудын сэтгэлийг олсон энэ Улаанбаатар энэ өдрийн адил утаа гарахгүй, гоё болно.

-Хэрэв зэ таны санал дэмжигдвэл та ирэх үү?

-Бүх ертөнцийн монголчууд Улаанбаатарыг гал голомтоо гэж боддог, тэгээд хүн ирдэг, ирээд зарим нь гомдоод явдаг…

-Та гомдсон юм биш биз дээ?

-Би гомдсоны учир бас байна аа. Миний ирсэн учир бол социализмын үе, 1988 дугаар онд. Чи бага сургуульд байсан байлгүй. Тэр үед би сайхан санаанаасаа ирээд багштайгаа уулзъя, морин хуурыг нь үзье, суръя гэж ирсэн. Тэд миний хуурдахыг, би тэдний тоглохыг үзлээ. 30 жил манай ар, өвөр хоёр Монгол үүдээ хаагаад соёлын харилцаа үгүй. Тэр өдрөөс соёлын харилцаа нээлээ. Тэрнээс хойш би 22 жил гүйж байна. Миний хүсэл бол Монгол Улсын эдийн засаг нь хөгжиж, монгол түмэн бүгдээрээ сайхан амьдраасай. Би нэг гадаадад амьдарсан монгол хамаагүй ээ.

-Та яагаад гомдсон юм бэ?

-Гомдсоны учир бас байна аа.

-Энэ тухай яримааргүй байгаа юм уу?

-Одоо тэрийг ярих хэрэггүй ээ.

-Танд сая Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэж цол тэмдэг гардууллаа, сэтгэгдэл ямар байна?

-Тийм тийм, баяртай байна. Монголын Засгийн газраас намайг хүндэлж, итгэл хайраа ивээлээ. Монгол Улс улам сайн хөгжих болтугай гэж би хэтээсээ боддог. Миний өвөг дээдэс маань Отгонтэнгэрийн хүн, би бол хиан сартуул, элжигэн сартуул хүн.

-Морин хуурчдын уралдаанд дэлхийн олон орноос оролцлоо. Япон, хятад, итали хуурчид яаж тоглов…

-Японд миний 300 шавь байна.

-Японд морин хуурыг 600 гаруй хүн сурч байгаа гэж сонссон, тал нь таны шавь юм байна.

-Тийм.

Америк нөхөр яаж тоглож байна, япон бүсгүй хэрхэн хуурдах нь вэ гэж би сонжиж харлаа л даа…
Чи миний тоглохыг үзэв үү. Миний “Чингисийн эр хоёр загал“ бол түүх шүү.
-Манай залуучууд юу гэмээр юм үзэгчдийг байлдан дагуулах гэж биш мэргэжлийн түвшинд, ур чадварын хувьд илүү сайн байлаа. Таны өвөр монгол шавь нар их сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэтгэлээсээ тоглолоо, нэг тийм байгальлаг байлаа л даа. Энэ тухай хоёулаа түрүүн бас ярьсан шүү дээ.

-Яг тийм. Миний хүүгийн эхнэр япон хүн. Түүнийг энэ уралдаанд ор гэсэн орсонгүй. Тэр хэлж байна. Морин хуураар монгол хөгжмөө сайхан тоглохоос биш Европын юмыг голлоод хэрэггүй гэж. Дэлхийн түвшинд хүрэх өөр арга бидэнд бий. Дэлхийн түвшинд хүрнэ гээд заавал, япон, америк тэргэнд суух хэрэггүй. Хятадын адил тэр түвшинд хүрэх тэрэг хий. Өөрсдөө хийхээр байхад хүнийг дагаж явах хэрэггүй ээ.

Монгол Улс өөрийн хүчээр тусгаар тогтноод ийм хоёр том гүрний дунд тас гозойж байна. Ийм хоёр их гүрний дунд амьдарч байх амаргүй шүү. Энэ бас нүдэнд харагдахгүй бас нэг тэмцэл. Би Солонгост очсон, тэнд япон тэрэг нэг ч байхгүй, бүр өөрийн тэрэг. Хятадад ч гадаадын тэрэг дэмий харагдахгүй, бүгд өөрийнх. Хүнд заавал өөрийн үндэстний үзэл байх хэрэгтэй. Үндэснээ хайрладаг, өөрийн төрсөн ээжээ хайрладаг хүн хадам ээжээ сайн хайрладаг. Хадмаа хайрлаад өөрийн ээжээ муулдаг бол эр хүн биш. Бидэнд заавал гадаадын бүтээл хөгжимдөх хэрэггүй. Манай морин хуур гадаадын симфони оркестрын дэргэд юу ч биш. Бид тэдний оркестрын дэргэд Моцарт тоглоод хэрэггүй, дийлэхгүй. Дэлхийн техникийг эзэмшээд өөрсдөө олон аяз хийж болно. Жишээлбэл, Жанцанноров, Шаравын морин хуурын концерт, энэ бол бидний өмч. Моцартынх тэднийх.

-Морин хуураар Моцарт хөгжимдөхийг сонссон хүмүүс талархаж л байгаа шүү дээ?

-Морин хуураар Моцартыг дуугаргаж болно. Би болохгүй гээгүй. Би гэдэг хүн хийлийг дөрвөн жил Хятадын их сургуульд сурсан. Дэлхийн симфони оркестроос мэдэхгүй хөгжим надад үгүй. Дэлхийн сонгодог урлагийг над шиг мэдээд ардын урлаг хийдэг хүн цөөхөн. Би Монголын түүхийг мэдэхгүй байх учир байхгүй, Хятадын түүх, дэлхийн түүхийг бүгдийг мэднэ. Хятад бичгийг би хятад хүн шиг, япон бичгийг япон хүн шиг мэднэ. Юу гэж эдгээрийг сурч байна гэхээр миний унасан морь монгол, эмээл нь ч монгол. Энэ дээр юу ачсан ч миний морь монгол. Бид Европын морийг уначихаад энэ морь сайн гэж болохгүй. Хүнд заавал үндэсний үзэл, бахархал байх хэрэгтэй. Хятад үгэнд байдаг юм. Хөрш айлын эхнэр хүү төрүүлдэг байхад миний эхнэр хүү төрүүлсэнгүй гэж. Тэгэхэд хажууны нь хүн асуужээ. Чиний эхнэр хөрш айлын эртэй ямар хамаатай юм гэж. Хөрш айлыг дуурайж болдоггүй. Бид эрдмийг бүгдийг сурч ирээд өөрийн болгох учиртай, энэ бол манай мөнхийн юм. Чингис хаан Европоос сурсангүй ээ. Бид түүний байгуулсан их гүрнийг алдаад энэ өдрийн гашуудалд ирэв. Энэ чинь түүх, нэг урлаг чинь заавал түүх, философи бүгдийг мэдэх учиртай. Энийг мэдсэнээр сайн урлагчин болно. Зүгээр л хуур татах юм бол шаахай хаддаг хүнтэй нэг адил аа.

-Өвөр Монголын хуурчид голдуу л таны бүтээлийг тоглож байна уу, ар Монголынхоо бүтээлийг татдаг биз дээ?

-Морин хуурт зориулсан бүх зохиолыг тоглоно. Намайг морин хуур сурч байхад ар, өвөр монгол гуравхан зохиолтой байсан. Нэг нь “Найрын дуу“, нөгөө нь “Цонхон дээр суусан ялаа“, бас нэг нь Өвөр монголын “Жижиг аялга“.

-Монголчууд өвөг дээдсээсээ өвлөж авсан энэ сайхан хөгжмөө түгээн дэлгэрүүлэх тал дээр хэр ажиллаж байна гэж та бодож байна?

-Морин хуур заадаг багшийн тархи нь ажиллаж байна, хөгжмийн зохиолчдын тархи ажиллаж байна, Ерөнхийлөгч, Засгийн газар дэмжиж байна. Өөрийнхөө хөгжим, Монголынх гэж бодож байна. Тиймээс маш хурдан хөгжиж байна. Танай Засгийн газар сод мэргэн, багш, сурч байгаа залуусын тархи маш сайн. Ийм сайхан үед би ирж, шүүгчээр ажилласандаа баяртай байна. Би тэднээс суралцаж байна. Багш шавиа сургахаас гадна мэргэн багш шавиасаа дахиад сурдаг. Гэртээ суусан мэргэдээс ертөнцийг тойрсон монголоо гэж, Би бол ертөнцийг тойрсон монгол оо, Чибулаг миний сагсуурахыг ойлгосон уу.
-Ойлголоо, баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Ц.ЭНХМАА

No comments: